loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
САЙНЦАГААН СУМЫН ҮЙЗЭН БАГТ “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

САЙНЦАГААН СУМЫН ҮЙЗЭН БАГТ “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-03


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хурлын шийдвэрийг иргэдэд таниулах, сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан хариуг хуульд заасан хугацаанд авах, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилго бүхий "Төлөөлөгчийн өдөрлөг"-ийг зургаадугаар сарын 30-нд  Сайнцагаан сумын Үйзэн багийн төвд зохион байгууллаа. 

Өдөрлөгт Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, уулзалт ярилцлага хийсэн юм. Мөн өдөрлөгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Авто тээврийн төвийн дарга Ц.Хүрэлбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. 

Тус өдөрлөгөөр аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, аймгийн Музей, Нэгдсэн эмнэлэг зэрэг нийт долоон төрийн байгууллага ажиллаж, 450 гаруй иргэнд төрийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлжээ. 

Энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар явуулын амбулаториор давхардсан тоогоор 209 иргэнд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн техникийн хяналтын үзлэгт 80 гаруй автомашин хамруулсан юм.  

Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал