loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭМГЭНЭЛ   ДОНТОРЫН ОРГО /1927.08.01 – 2026.06.10/ | HuduuMN

ЭМГЭНЭЛ ДОНТОРЫН ОРГО /1927.08.01 – 2026.06.10/

2026-06-11

ЭМГЭНЭЛ 

ДОНТОРЫН ОРГО /1927.08.01 – 2026.06.10/

Төр, нийгэм, орон нутгийн хөгжил дэвшил, Дундговь аймгийн бүтээн байгуулалтын үйл хэрэгт олон арван жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн ахмад удирдах ажилтан Донторын Орго 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, төрөлх нутаг ус, хамтран зүтгэгчдэд Дундговь аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Донторын Орго нь 1927 онд Дундговь аймгийн Буянт-Овоо сумын нутагт төрж, хөдөлмөрийн гараагаа бичиг үсгийн багшаар эхлүүлэн төр, нийгмийн байгууллагад 50 гаруй жил үр бүтээлтэй ажилласан нэр хүндтэй ахмад зүтгэлтэн байлаа.

Тэрээр Буянт-Овоо сумын нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захиргааны дарга, Гурвансайхан сумын сум, нэгдлийн дарга зэрэг төр, захиргааны удирдах албыг нэр төртэй хашиж, орон нутгийн хөгжил дэвшил, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

1961 оноос эхлэн барилгын салбарт хүчин зүтгэж, Дундговь аймагт барилгын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бүтээлч хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэх үйлсэд манлайлан оролцож, аймаг сумдын сургууль, эмнэлэг, соёл үйлчилгээний байгууллага, орон сууц зэрэг нийгмийн ач холбогдол бүхий олон арван барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглалтад оруулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Мөн ахуй үйлчилгээ, үйлдвэрчний эвлэлийн байгууллагад удирдах ажил эрхэлж, иргэдэд хүргэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үр бүтээлтэй ажилласан байна.

Түүний улс эх орон, төрөлх Дундговь аймагтаа оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж Засгийн газрын Жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Барилгачдын гавьяа одон, Тэргүүний барилгачин цол тэмдгээр шагнаж, Дундговь аймгийн Засаг даргын “Хүндэт дэвтэр”-т мөнхлөн бичсэн билээ.

Д.Орго агсны ажилч хичээнгүй, төлөв даруу, хүнлэг сайхан зан чанар, хамт олноо манлайлан нэгтгэдэг арга барил, төрөлх нутаг, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулсан хөдөлмөр бүтээл нь бидний сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, төрөлх нутаг ус, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР