
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ГОВИЙН ИРЭЭДҮЙ, ХҮМҮҮНЛЭГ, ЭРДМИЙН ДАЛАЙ СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Дундговь аймгийн Сайнцагаан сум буюу аймгийн төвд энэ хичээлийн жилд 640, 940 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн 2 шинэ барилга ашиглалтад орсон нь хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж чаджээ.
✅Говийн Ирээдүй сургуулийн захирал О.Эрдэнэтөгс шинэ сургуулийн барилгаа хүлээж авснаас хойш суралцагчдаа өглөө бүр ажиглаж, юу хүсэж, ямар хэрэгцээ байгааг судалж тохижилтоо хийж байгаагаа танилцуулсан нь онцлог байв.
Хүүхэд бүр локертой болж, давхар бүрд ус цэвэршүүлэгч суурилуулж өгчээ. Заах аргын нэгдэл бүр өрөөтэй болсон нь багш нар мэргэжлийн бүлгээр ажиллах боломжтой болсон байна.
Хүүхдүүдээс судалгаа авахад өглөөний цай, өдрийн хоолоо идэхгүйгээр шууд ирж байна. Иймд үдийн хоолныхоо цагийг 40 минут болгох зохицуулалт хийж, өглөөний ээлж 11:40, хоёрдугаар ээлж 13:30-д хооллож байна. Хоол зүйчийн тусламжтай хоолны соёл, илчлэг чанарууд сайжирч байна. Мөн үдийн хоолтойгоо уялдуулж, шүд угаах цагийг гаргаж, хүүхэд бүр шүдээ угааж хэвшсэн байна.
Одоо бид сургалтын чанараа ахиулахад бүхий л нөөцөө төлөвлөнө хэмээн хамт олноороо итгэлтэй, урамтай байв.
✅Ерөнхий боловсролын Хүмүүнлэг сургуулийн тухайлсан зургаар баригдсан 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга зай талбай, зохион байгуулалтын төлөвлөлтийг оновчтой хийжээ.
500 хүртэлх хүүхэд хооллох хүчин чадалтай хооолны заалтай бөгөөд ширээ сандал шаардлагатай байгаа тухай хоол зүйч тайлбарлалаа.
Урлагийн болон спортын заалыг нэг дор төлөвлөсөн онцлогтой байв. Биеийн тамирын гадна талбай жишиг болохуйц сайн тохижилттой болжээ.
Тус сургууль гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн 2 жил дараалан 3 дугаар түвшинд үнэлэгдсэн бөгөөд үнэлгээний урамшуулал, орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэг, нөхөн хангалтын зардал болон эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоотойгоор суралцагч бүрдээ локер, анги танхимын зарим тохижилтоо хийж байна.
✅Ерөнхий боловсролын Эрдмийн далай сургууль 1900 гаруй хүүхэдтэй. Дотуур байранд 130 хүүхэдтэй. Түүхт 80 жилийнхээ ойг угтан олон бүтээлч ажлыг сургуулийн хамт олон хэрэгжүүлсэн байна.
Сургуулийн менежментийн зураглалаа удирдлага, багш, ажилтнууд хамтран гаргаж, алсын хараа, хүрэх түвшнээ тодорхойлж, зүг чигээ болгон ажиллаж байна.
Сургуулийнхаа тохижилтод багш ажилтан нэг бүрийн оролцож, төлөвлөж, өөрсдөө хийдэг нь бахархалтай байв.
❗️Хамран сургах тойргийн хүүхдийн тоо их тул ачаалал ихтэй байгаа тухай сургуулийн удирдлагууд танилцуулав.