loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ, АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХАРАЛТТАЙ СУУРИН РЕНТГЕН АППАРАТ ГАРДУУЛЛАА | HuduuMN

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ, АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХАРАЛТТАЙ СУУРИН РЕНТГЕН АППАРАТ ГАРДУУЛЛАА

2025-03-14

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ, АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХАРАЛТТАЙ СУУРИН РЕНТГЕН АППАРАТ ГАРДУУЛЛАА

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрүүл мэндийн яамны Эдийн засаг бодлогын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, МОН-9218 төслийн зохицуулагч н.Хүрэлбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна. 

Тус ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, FROM PEOPLE OF JAPAN, Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх MON-9218 төслийн 266,0 сая төгрөгийн санхүүжилтээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд холбогдох боломжтой 360 градус эргэдэг ухаалаг “Харалттай суурин рентген аппарат”-ыг гардуулсан юм. 

Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас 2025 оныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрүүл мэндийн яамны Эдийн засаг бодлогын хэлтсийн дарга Э.Мөнхсүх нар оролцон, зөвлөгөөнд амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлэв. 

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хэлсэн үгэндээ “Хөдөөгийн сэргэлт - Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл Дундговь᠌” “Хүний нөөцийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг чадавхжуулах, сумын эрүүл мэндийн төвийн  хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, энэ ондоо  хавдрын эмчилгээг орон нутагт нэвтрүүлж эхлэх, цаашид эрүүл мэндийн салбараа бүсийн хэмжээнд тэргүүлдэг болгоно хэмээн онцолсон юм. 

Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл  мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Дундговь аймгийн 10 суманд түргэн тусламжийн авто машин шаардлагатай байгаа ба үе шаттайгаар шийдвэрлэнэ. Мөн салбарын хэмжээнд Эрүүл мэндийн яам бодлогоор зарим худалдан авах эрхийг эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх зохицуулалт хийнэ. Аливаа хөгжлийн гол асуудал бол хамтын ажиллагаа байдаг учраас та бүхэн сум, аймгийн удирдлагууд, ИТХ болон холбогдох ЭМЯ бусад газруудтайгаа хамтран ажиллахаас гадна хууль эрх зүйн мэдлэгээ сайжруулж, бодлогын хүрээнд өөрчлөх асуудлаа танилцуулж уламжилдаг байх хэрэгтэй” хэмээн дурдлаа.