“НЭЭЛТТЭЙ ДУНДГОВЬ-2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан “Нээлттэй Дундговь-2026” нэгдсэн арга хэмжээ 2026 оны 03-р сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд аймгийн 15 сумын Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Дундговьчуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.
Арга хэмжээг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээж, 2025 оны онцлох амжилтууд, хийгдсэн бүтээн байгуулалт болон 2026 онд хийгдэх онцлох бүтээн байгуулалтын талаар танилцуулан, сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, нутгийн зон олондоо эв нэгдэл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун үг хэлж, нутгийн иргэддээ баярын мэнд хүргэв.
Энэ үеэр Дундговь аймгийн лам хуваргууд Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Дашчийравийн сан” айлдаж, хурсан олонд ерөөл өргөсөн юм. Түүнчлэн нэр бүхий иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Арга хэмжээний үеэр аймаг, орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, гэрэл зургийн үзэсгэлэн, нээлттэй ажлын байрны танилцуулга зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэн худалдаанд “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүр болон 20 гаруй иргэн оролцож, нутгийн онцлог бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Мөн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулж, хүрэлцэн ирсэн иргэдэд соёл урлагийн тоглолт өргөн барилаа.
Ийнхүү “Нээлттэй Дундговь-2026” нэгдсэн арга хэмжээ нь Дундговь нутгийн соёл, уламжлал, үйлдвэрлэлийг сурталчилсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.