
ОЮУТАН ЦЭРГҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөдөөгийн сэргэлт-шинэ Дундговь хөтөлбөрийн хүрээнд эх оронч монгол-их сэргэлтийн жилд "Оюутан-цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалт” “Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт”-ыг аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас Политехникийн коллеж, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжтай хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас Оюутан цэрэг хөтөлбөрийг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шинэчлэн батлагдсан журмын дагуу тус хөтөлбөрт аймгийн хэмжээнд 22 оюутан бүртгэгдсэнээс эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын өв тэгш байдал, биеийн тамирын шалгалтыг өгч шалгуур үзүүлэлт хангасан аймгийн политехникийн коллежийн барилга угсралтын техникч, мужаан, технологи, малын бага эмч мэргэжлээр суралцагч 11 оюутан хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн захирагч дэд хурандаа М.Аскербек нар болон бусад албаны хүмүүс оролцож оюутан цэргүүдэд сургалтад ашиглах номыг гардуулан, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.