
Сум, хороодод ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чадавхжуулах, чиглүүлэх говийн бүсийн сургалт энэ сарын 10-14-ний өдрүүдэд Дундговь аймагт болж байна. Сургалтад Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 68 нийгмийн ажилтныг хамруулж, сургалтын багийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Мэдээллийн технологи, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа юм.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны тэргүүн Ц.Ариунбаяр нар оролцлоо. Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сургалтад оролцогчдод амжилт хүсэн, Дундговь аймгийн 14 суманд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болж байгаа нь сайшаалтай байгааг дурдаж, цаашдаа үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах талаар онцлов.
Энэхүү сургалт нь анхан шатны нэгжид нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнуудад хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх юм.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар 2025 оноос эхлэн сум, хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулах зохицуулалттай болсон. Тус ажлын хүрээнд бүх аймаг, дүүргүүд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаа шинээр томилж, 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хүүхэд, гэр бүлийн салбарт бүл нэмж, чиглүүлэх, мэргэшүүлэх сургалтыг бүсчилсэн хэлбэрээр улс орон даяар зохион байгуулж байна.