
Дундговь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар – Мандалговь – Даланзадгад чиглэлийн босоо тэнхлэгийн, Чойр – Мандалговь – Арвайхээр чиглэлийн хэвтээ чиглэлийн авто замын уулзварт “Хөгжлийн дөрвөн зам” худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, тээвэр логистикийн цогцолбор байгуулах ажлыг төлөвлөн хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байна.
Тус зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч Өсөн Үржих Констракшн ХХК-аас өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр болон холбогдох албаныханд “Хөгжлийн дөрвөн замын уулзвар”-ын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний явцын тайланг танилцууллаа.
“Хөгжлийн дөрвөн замын уулзвар”-ын төлөвлөлт нь нийт 500 га талбайд төлөвлөгөөг боловсруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар аймгийн эдийн засаг, төсвийг тэлэх ач холбогдол бүхий “Худалдаа үйлчилгээ, тээвэр, логистикийн цогцолбор”-ыг кластераар хөгжүүлэх юм.