Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар паралимпын тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзан, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд нь баяр хүргэж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Өмнөговь аймгийн тамирчид Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн нэрэмжит пара хөнгөн атлетикийн “Зөв зүйлийн төлөө бид хамтдаа” спортын дөрвөн төрөлт улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн юм.
Уулзалтын үеэр ирэх онд пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг таван төрлөөр Өмнөговь аймагт зохион байгуулах талаар хэлэлцэж, бэлтгэл ажлыг хамтран хангах чиглэлээр санал солилцов.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, нийтийн болон төрийн үйлчилгээний барилга байгууламжийг стандартын шаардлага хангасан шат, налуу зам (рамп), лифт зэргийг үе шаттайгаар сайжруулах, нийгмийн оролцоо, спортын хөгжлийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.