ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ХАМТ ОЛОН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙГОО ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА.
Өмнөговь аймагт анх 1944 онд иргэдэд үйлчлэх нийтийн номын сан байгуулагдаж байсан бөгөөд энэ жил 80 жилийн түүхэн ойтойгоо золгож байгаа билээ.
Энэ хүрээнд өнөөдөр Төв номын сан үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын хурал, Наян жилийн түүхтэй намтар зузаан номын сан, Өмнөговь орон нутгийн ном зүй зэрэг номын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх оролцож үе үеийн номын санчид, салбарын албан хаагчид, шилдэг уншигч үйлчлүүлэгчдэд баярын мэндчилгээ дэвшүүлэн хөдөлмөр зүтгэлээ төр нийгэмдээ үнэлүүлсэн эрхэм хүмүүст шагнал гардуулж баяр хүргэлээ.
Өмнөговь аймгийнхаа оюуны дээд илэрхийлэл бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж, хамгаалж, иргэд олон нийтийг соён гэгээрүүлж, эрдэм мэдлэгийг түгээн дэлгээрүүлж байдаг аймгийн төв номын сан маань тун удахгүй орчин үеийн техник, технологийг бүрэн нэвтрүүлсэн иж бүрэн цахим номын сан, боловсрол мэдээллийн төв бүхий шинэ байрандаа орох бөгөөд барилгын дотоод засал, тохижилтын ажлууд хийгдэж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.