Тус чуулга уулзалтыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран 11 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулж байна.
Тодруулбал Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын удирдлагууд, Өмнөговь аймгийн Сумдын Засаг дарга нар, агентлаг, мэргэжлийн байгууллагууд, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр говийн бүсийн чуулга уулзалт өрнөж байна.
Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалтыг говийн бүсийн 4 аймгийг хамруулан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Учир нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Говийн бүсийн аймгуудыг бүсчлэн хөгжүүлж, Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний “дэд бүс” болгон хөгжүүлэхээр тусгасан билээ.