
Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, техник, технологийн аюулгүй байдал, учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Аюулгүй барилга-Аюулгүй ажиллагаа” аян орон даяар зохион байгуулагдаж байна.
Тус аяны хүрээнд аймгийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн зөвлөл”, холбогдох хяналтын байцаагч нартай хамтран нийтийн эзэмшлийн зам, талбайд осол гэмтэл учруулж болзошгүй аюул, эрсдэлтэй нөхцөл байдлыг илрүүлэх, мэдээлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчтай хамтран Арвайхээр суманд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа “Юуком ти” ХХК, “Итэм товер” ХХК, “Арвай инженеринг” ХХК, “Тахидаг овоо” ХХК, иргэн Батбаярын барилга угсралтын явцад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж, зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Мөн зам талбайн эвдрэл, нүх, осол гэмтэл үүсгэж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж, илэрсэн зөрчлүүдийг холбогдох байгууллагад уламжлан, зөрчлийг арилгах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна.