
Ард иргэдэд хамгийн ойр байж, төрийн ажил үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэж, төр иргэн хоорондын гүүр болон ажилладаг хүмүүс бол багийн Засаг дарга нар байдаг.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас 19 сумын 112 багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Аймгийн Засаг дарга сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийн итгэлийг хүлээж багийн Засаг даргаар сонгогдсон Та бүхэн өрх бүрт хүрч ажиллах, иргэдийнхээ санал, бодлыг сонсож, эрүүл мэнд, боловсрол, малчдыг дэмжих төсөл, хөтөлбөр, халамжийн үйлчилгээ гэх мэт төрийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадаж байгаа эсэхэд анхаарч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг хүсье” хэмээгээд ажлын өндөр амжилт хүслээ.
Сонгуулийн үр дүнгээс хамааран багийн нийт Засаг дарга нарын 38 хувь нь шинээр сонгогдон ажиллаж байгаа.
Сургалтаар багийн Засаг дарга нарт төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай хууль тогтоомжийн талаар ойлголт, мэдлэг олгож, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар сонсон, харилцан санал солилцож байна.