Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран төрийн цахим шилжилтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор аймгийн төрийн байгууллагуудын 200 албан хаагч, ИТХ-ын төлөөлөгчдийн цахим ур чадварыг дээшлүүллээ.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төрийн албан хаагч бүр цахим ур чадвартай, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим шилжилт, үйлчилгээний газрын дарга Г.Ариунзаяа аяны хүрээнд салбарын хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын "DIGITAL FIRST" бодлого, төрөөс нэвтрүүлсэн цахим системүүд, “Цахим аймаг” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм.