Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран Хөгжимт драмын театр, Төв номын сангийн ажилтан, албан хаагчдад “Хүний эрх ба төрийн алба”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
Сургалтаар хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх төрийн үүрэг, хүний эрхэд суурилсан хандлагаар төрийн үйлчилгээ үзүүлэх зарчим, төрийн албан дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хөндлөө. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчдын үүрэг, хориглолт, хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчил үүссэн үед авах арга хэмжээ болон салбарын онцлогт хамаарах бодит жишээ, кейсээр мэдээлэл өгсөн юм.
Соёл, урлагийн байгууллагын албан хаагчид хүний эрхийг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэн, авлигыг үл тэвчих үзлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд өөрсдийн үйл ажиллагаа, уран бүтээлээрээ манлайлан оролцохыг уриаллаа.