“Хонг Конгийн Ванжиа Капитал хөрөнгө оруулалтын” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Суо Чао тэргүүтэй албаны хүмүүс Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай хөрөнгө оруулалт, технологи, стратегийн хамтын ажиллагааны уулзалтыг хийлээ.
Уулзалтаар Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Энэхүү уулзалтад аймгийн зүгээс “Таацын цагаан нуур”-ыг сэргээх болон “Орхон-Онги”, шар хороон шуургыг бууруулах дэрсний төслийг тус тус танилцууллаа. Мөн уулзалтад оролцогч хөрөнгө оруулагч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, хүчин чадал, туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн юм.
Дээрх албаны хүмүүс аймгийн төсөл хөтөлбөрийг дээд шатны байгууллага, томоохон хөрөнгө оруулагч нарт танилцуулж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тал дээр ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.