Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр сум орон нутгийн өвөлжилттэй танилцаж, суманд ажиллаж амьдарч байгаа иргэд малчидтай уулзаж тэдний саналыг нь сонсох, гарсан санал асуудлыг эрэмбэлж шийдвэрлэх зорилгоор аймгийнхаа сумдаар тойрч ажиллаж байгаа билээ.
Өнөөдөр /2025.12.16/ Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Мөнгөнморьт суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар ажлын хэсэг улсаас болон аймгаас баримталж байгаа бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг сумын иргэдэд өгч, харин сумын иргэд ундны усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг, мөн ирэх 2026 онд тохиох сумын сургуулийн түүхт 90 жилийн ой угтаж хийх ажлууд, төсөв хөрөнгө яригдсан юм.
Аймгийн Засаг дарга сургуулийн засварын ажилд дэмжлэг үзүүлж, ус зөөлрүүлэгчтэй шинэ худаг барих төсвийг шийдвэрлэхээр болж уулзалт өндөрлөлөө.
Ажлын хэсэг сумын сургуулиар орж танилцлаа. 2025-2026 оны хичээлийн жилд Төв аймгийн Мөнгөнморь сумын Ерөнхий боловсролын сургууль 36 багш ажилтан, 11 бүлгийн 296 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь, 83.5 хувь нь зэрэгтэй багш нарын 35.7 хувь нь магистр зэрэгтэй. Гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн 3 жилд аймагтаа тэргүүлж байгаа бөгөөд 93.3 хувь нь гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулалд хамрагддаг байна.
Тус сургуулийн барилга нь 1989 онд баригдсан. Холимог бетон суурьтай, 640 мм-ийн зузаан тоосгон ханатай, угсармал, цутгамал хучилттай, сургалтын үйл ажиллагааны зориулалттай барилга юм. Гэвч өнөөдрийн байдлаар сургуулийн барилгад хөгц, мөөгөнцөр үүссэн, ариун цэврийн байгууламж нь стандарт шаардлагад нийцдэггүй, тогны хүчдэл байнга унадаг, барилгын дулаан алдагдалтаас болж тасалгааны температур стандартын түвшинд хүрдэггүй нөхцөл байдалтай холбогдуулан их засвар хийх зайлшгүй шаардлага бий болсон. Одоогийн байдлаар их засварын зураг төсвөө батлуулаад байгаа юм.