“ЭЦЭГ ЭХИЙН ХУРАЛ” БОЛЖ БАЙНА
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Эцэг, эхийн хурал"-ыг Төв аймагт зохион байгуулж байна.
Хуралд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй удирдлагууд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан болон аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчид, Зуунмод сумын сургууль, цэцэрлэгийн дарга, эрхлэгч нар, сургуулиудын хүүхэд хамгааллын баг, Цагдаагийн газар, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, удирдлага, эцэг эхийн зөвлөлийн бүрэлдэхүүн, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл зэрэг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид оролцож байна.
Хурлын эхэнд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр аймгаас хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баярсайхан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвээр, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч н.Эрдэнэтулга “Хүүхдийн эрх ба хууль", Гэр бүл судлаач Ч.Амартунгалаг ““Монгол гэр бүлийн эрхэм нандин өв” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл хүргэлээ.
