loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЭРСДЭЛИЙН БААТАР МЭРГЭЖИЛТЭН”-ЭЭР АХЛАХ АХЛАГЧ Д.ОЮУНБААТАР ТОДОРЛОО | HuduuMN

“ЭРСДЭЛИЙН БААТАР МЭРГЭЖИЛТЭН”-ЭЭР АХЛАХ АХЛАГЧ Д.ОЮУНБААТАР ТОДОРЛОО

2023-11-22

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум”-ын хүрээнд эрсдэлийн баатар шилдэг иргэн, мэргэжилтэн, аж ахуйн нэгжийг шалгаруулж, шагнал гардууллаа. “Эрсдэлийн шилдэг мэргэжилтэн”-ээр Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Оюунбаатар шалгарч 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн боллоо. Ахлах ахлагч Д.Оюунбаатар нь Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаандаа ахуйн болон ой, хээрийн гал түймэр, үер, усны ослын 256 удаагийн дуудлагаар 40128 цагийн үүрэг гүйцэтгэхдээ 102 хүний амь нас, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал, 2023 онд Төв аймгийн Зуунмод сум тагтан дээр эд хогшил шатаж байна гэсэн дуудлагын дагуу ажиллаж, 24 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, амь насыг нь авран хамгаалсан бол Сэргэлэн сумын нутаг “Хүрэн дэл” гэх газарт аймгийн төвөөс 31км-т хоёр автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, автомашиныг татан гаргаж, 50-86 насны 11 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Мөн Төв аймгийн Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Мөнгөнморьт зэрэг өвөлжилт хүндэрч зудын өндөр эрсдэл үүссэн сумдын малчин, мал бүхий 700 гаруй өрхийн 2100 гаруй иргэнд хүнс, эм бэлдмэл, малын өвс, тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах, сум руу зорчдог төв зам болон бусад шаардлагатай зэрэг нийт 3345 км автозамыг гаргах ажлыг амжилттай зохион байгуулсан юм.