Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, баримт бичгийн боловсруулалт, бүрдүүлэлт, баталгаажуулалтад нэгдсэн стандарт, арга зүйг нэвтрүүлэх зорилгоор Баримт бичгийн MNS 5140:2026 цуврал стандарт шинэчлэн батлагдаж, 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Тус стандарт нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн С/15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан бөгөөд цаасан болон цахим баримт бичгийг боловсруулах, бүрдүүлэх, баталгаажуулахтай холбоотой зохицуулалтыг шинэчлэн тусгаснаас гадна “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-аар хасагдсан зарим зохицуулалтыг тусгасан байна.
Иймд MNS 5140-1,2,3:2026 цуврал стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэх, баримт бичгийг боловсруулах, бүрдүүлэх, баталгаажуулах үйл ажиллагаанд нэгдсэн ойлголт, арга зүйгээр хангах зорилгоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн архив, бичиг хэргийн ажилтнууд болон сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад цахим, танхим хосолсон сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал удирдан явуулж, шинэчлэн батлагдсан стандартын агуулга, өөрчлөлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч байна.