“MONGOLIA GREENMECH:2026-ШИМТ” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ “ДЭГДЭЭХЭЙ” ЦЭЦЭРЛЭГИЙН “БИД ХАМТДАА” БАГ ТЭРГҮҮЛЭВ
Бага насны хүүхдийг шинжлэх ухаанч, бүтээлч, асуудал шийдвэрлэх чадварт суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “ШИМТ kinder” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгооор зохион байгуулагддаг “World GreenMech” олон улсын тэмцээний 2 дугаар шат буюу Аймгийн аварга шалгаруулах тэмцээн “Солонго цогцолбор”-т амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэг, “Бүжинхэн” цогцолбор цэцэрлэг, “Унагалдайн андууд” цэцэрлэг, “Ирээдүй” цогцолбор цэцэрлэг, “”Бумбардай” цэцэрлэг, “Хүмүүн” цогцолбор цэцэрлэгийн 6 багийн 12 багш, 24 хүүхэд оролцож, удирдамжийн дагуу төсөлт бүтээл хийн мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Оролцогч багууд өгөгдсөн сэдвээс сонгон бүтээл хийнэ. Бүтээлээ хийх явцдаа багаар ажиллах чадварт суралцан, бүтээлээрээ дамжуулан асуудал дэвшүүлж, түүнийг шийдвэрлэх арга замаа тодорхойлон, загваруудын уялдаа, тогтвортой байдлыг инженерчлэлийн шийдлээр харуулан, бүтээлээ тайлбарлан таниулдгаараа онцлогтой.
“ШИМТ kinder” хөтөлбөрийг Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 360 гаруй цэцэрлэгүүдийн дунд хэрэгжүүлдэг бөгөөд манай аймаг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
Тэмцээнийг багийн оновчтой үйл ажиллагаа, авхаалж самбаа, уран сэтгэмж, ур чадвараараа манлайлсан “Дэгдээхэй” цэцэрлэгийн “Бид хамтдаа” баг тэргүүлж, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.
Дашрамд дурдахад 2025-2026 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн зорилго, суралцахуйн үр дүнг STEAM тоглоомтой уялдуулан хэрэгжүүлэх, бага насны хүүхдийг шинжлэх ухаанч, бүтээлч, асуудал шийдвэрлэх чадварт суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Зуунмод сумын цэцэрлэгүүд STEAM тоглоомын сургалтын хэрэглэгдэхүүн болох Шимт хөтөлбөрийг 2024 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж, үр шимийг нь Зуунмод сумын 2-5 настай нийт хүүхэд 1589 хүүхэд хүртэж байна.

