
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг уламжлал ёсоор нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзлэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улс, орон даяар тэмдэглэдэг уламжлалтай.
Эдүгээ 37 дахь жилдээ тэмдэглэж байгаа “Номын баяр”-ын арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг оролцож “Үндэсний дархлаа болсон эх хэл, бичиг соёл, өв уламжлалаа өвлөн авч үлдэх, ирээдүйд өвлүүлэн үлдээх чухал цаг үед амьдарч байгаа эрхэм хүүхэд багачууд, залуучууд та бүхэн минь ном хэмээх гэгээн оршихуйд саатаж ухаан бодлоо тэлж, уудам орчлонгоор аялахыг хүсье” хэмээсэн юм. Энэ өдрийн арга хэмжээг төгөлдөржүүлж Угтаалцайдам сумын уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй, Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Гавьяат хуульч, зохиолч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатар, Зуунмод сумын уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруунайрагч Шагдарын Цэрэндоо, Залуу зохиолч, сэтгүүлч Хишигнямын Дуламсүрэн болон Зуунмод сумын иргэд, хүүхэд залуучууд оролцлоо. Мөн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 6 дугаар ангийн сурагчид их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэг, Яргуй урлагийн наадмын мөнгөн медальт, Зуунмод сумын Соёлын төвийн дууны дугуйлангийн сурагч О.Идэр нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Аймгийн Нийтийн номын сангаас “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг угтан зохион байгуулсан “Өглөөний уншлага” аянд идэвхтэй оролцсон:
1. Баян-Өнжүүл сумын ЕБС-ийн Д.Байгалмаа багштай 8а анги
2. Зуунмод сумын Монгени 5 дугаар сургуулийн н.Мөнхбаяр багштай 8а анги
3. Зуунмод сумын ХЦС-ийн н.Одгариг багштай 6г анги
4. Батсүмбэр сумын ЕБС-ийн н.Үүрийнсолонго багштай 5а анги
5. Жаргалант сумын ЕБС-ийн н.Дуламрагчаа багштай 4г анги
6. Алтанбулаг сумын ЕБС-ийн С.Даваасүрэн багштай 2а ангийн хамт олонд “Шилдэг уншигч анги хамт олон”-ы шагналыг гардуулав.
Мөн Зуунмод сумын ЕБС-ийн 7-10 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Сор бичигтэн хүүхэд” цэвэр бичгийн уралдаанд амжилттай оролцож шилдгээр шалгарсан:
1. Монгени 5 дугаар сургуулийн 9б ангийн сурагч М.Оюундарь
2. ХЦС-ийн 8б ангийн сурагч А.Тэнүүн
3. ХЦС-ийн 9в ангийн сурагч М.Хулан нарын шагналыг гардуулан өглөө.
Энэ өдөр “Аз хур”, “Интер ном” номын дэлгүүрээс номын худалдаа, шинэ хуучин номын солилцоо, МУБИС-ийн “Титэм” дугуйлангийн сургагч багш нарын үндэсний уран бичлэгийн үзүүлбэр, Төв аймгаас төрөн гарсан ардын 5 уран зохиолчийн номын үзэсгэлэн, нууц зохиолч, номын шүлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь энэ жилийн номын баярын онцлог байв.