
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн Орон нутгийн өмчийн газар хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн үйл ажиллагааг нэвтрүүлэх нь” сургалтыг өнөөдөр /2025.10.07/ “Монгол туургатан театр”-т зохион байгуулж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийг ил тод, нэгдсэн нэг системд бүртгэж, хяналт-шинжилгээ, удирдлагыг цахимжуулах, сайжруулах замаар өмчийн менежментийг хөнгөвчлөх, мэдээллийн давхардал, зөрүүг арилгах, шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа онол, дадлага хосолсон сургалтад 27 сумын төсөвт байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч, нярав нийт 300 орчим албан хаагчид хамрагдаж байна.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр сургалтыг нээж хэлсэн үгэндээ: “Та бүхэн төрийн өмчид өөрийн хувийн өмч мэт ариг гамтай хандаж байх нь чухал. Төрийн өмчийн бүртгэл мэдээллийг цахимд шилжүүлж байгаа нь төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, хариуцлагатай, ил тод болгох ач холбогдолтой гэж харж байна. Тиймээс албан хаагчид та бүхэн сургалтдаа идэвхтэй хамрагдаж, ойлголт мэдлэгээ дээшлүүлж, сурч мэдсэнээ байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэн үр дүн гаргаж ажиллахыг хүсье” хэмээн онцолсон.
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем нь 2025 оны 10 дугаар сараас эхлэн иргэдэд бүрэн нээлттэй болох тул уг системд мэдээллийг бүрэн гүйцэд оруулах, мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах, цаашид хөрөнгийн бүртгэлийг цаг тухай бүрд хөтөлж явах үүрэг бүхий албан хаагчийг томилон үүрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Төв аймгийн хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн өмчит 352 байгууллагын 540.7 тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэсэн тоон мэдээлэл байна.