loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨВ АЙМАГТ ШИНЭ ЦАГИЙН ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА | HuduuMN

ТӨВ АЙМАГТ ШИНЭ ЦАГИЙН ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2026-09-18

Монгол Улсын шинэ цагийн шүүхийн байгууллагын түүх 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ардын Засгийн газраас “БНМАУ-ын аливаа шүүх таслах газруудыг байгуулах тухай дүрэм”-ийг баталснаар шинэ шатанд гарч, уг шийдвэрийн дагуу Төв аймагт Шүүхийн байгууллага нь “Богдхан уулын аймгийн шүүх” нэртэйгээр Лүн суманд байгуулагдаж, орон нутагт хууль, шударга ёсыг сахин хамгаалах хариуцлагатай үйл ажиллагаа өрнөж эхэлсэн түүхтэй.

Шинэ цагийн шүүхийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Баатруудын цэцэрлэгт хүрээлэн”-д Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаа боллоо. 

Ёслолын ажиллагааны индрээс Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хэлсэн үгэндээ: “100 жилийн түүхийг бүтээсэн үе үеийн шүүгчид, ахмад ажилтнууд, өнөөдөр нэр төртэйгөөр алба хааж буй нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, албан хаагч Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлье. 

“Хүн шүүхэд хандана гэдэг нь шударга үнэнд хандаж байна гэсэн үг”. 

Иргэн хүн шүүхэд хандахдаа хууль ёс хэрэгжинэ, эрх нь хамгаалагдана, шударга үнэн тогтоогдоно гэсэн итгэл найдвар өвөрлөдөг.Тэрхүү итгэлийг дааж, шударга үнэнийг тогтоох, хуулийг зөв, чанд хэрэглэх өндөр хариуцлагатай үүргийг Та бүхэн хүлээж явдаг билээ. Тиймээс Төв аймгийн шүүхийн дараагийн 100 жилийн түүх хууль дээдлэх ёс, шударга ёс, хүний эрхийг хамгаалах эрхэм зорилгоор улам баяжин, хөгжил дэвшил, амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгэл төгс байна хэмээн онцлоод ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүслээ.

Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, шүүхийн байгууллагын нэгэн зууны түүхийг бичилцсэн үе үеийн шүүгчид, ахмадууд, шүүхийн захиргааны албан хаагчид оролцлоо