Хуралдаанаар аймгийн хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын ХАБЭА-н судалгааны дүн, Жаргалант, Борнуур, Баяндэлгэр сумын ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагаа, зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв.
Аймгийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв болон захиалагч байгууллагын хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламж, засвар шинэчлэл, авто зам, инженерийн шугам сүлжээ, цахилгаан, гэрэлтүүлэг, тохижилтын нийт 177 ажилд 1,153 ажилтан ажиллаж байгаа талаарх ХАБЭА-н судалгааг танилцуулсан ба уг судалгааны дүнд үндэслэн бүтээн байгуулалтын ажлын тоо, ажилтны төвлөрөл, ажлын төрөл, явц болон болзошгүй эрсдэлийг харгалзан 9 сумыг сонгож, энэ 08 дугаар сард багтаан зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор эрсдэл өндөр ажлын талбайн ХАБЭА-н нөхцөл байдалтай танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр шийдвэрлэв.
Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА хариуцсан ажилтан, холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн цогцолборын ХАБЭА-н сайн туршлагатай танилцах, “Оюу толгой” ХХК-ийн ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, эрсдэлийн менежмент, аюулгүй ажиллагааны соёл, сургалт, дадлагажуулалтын сайн туршлагатай танилцах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан зөвлөлийн дарга болон гишүүдээс үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлын үр нөлөөг сайжруулах, эрсдэл өндөр ажлын байранд зөвлөн туслах ажлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал гаргаж, дээрх саналуудыг зөвлөлийн 2026 оны үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусган ажиллахаар тогтлоо.
Зөвлөлийн дарга ХАБЭА-н сургалт, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах болон зорилтот үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг 2027 оны орон нутгийн төсөвт тусгуулах асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.