ХАБЭА-Н САЙН ТУРШЛАГЫГ ОРОН НУТАГТ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-Д ТУРШЛАГА СУДАЛЛАА
Аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах туршлага судлах арга хэмжээг 8 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-д зохион байгууллаа.
Энэ хүрээнд аймаг, сумдын ХАБЭА-н зөвлөлийн гишүүд “Оюу толгой” ХХК-ийн ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, эрсдэлийн менежмент, ноцтой эрсдэлийн хяналт, хөдөлмөрийн эрүүл ахуй, сургалт-чадавхжуулалтын арга барилтай газар дээр нь танилцсан юм.
Оролцогчид ил уурхай, баяжуулах болон баяжмал савлах үйлдвэрийн үйл ажиллагаа, Эрсдэл таниулах төвийн дадлага сургалтын орчин, битүүмжилсэн өрмийн цооногийн нөхөн сэргээлтийн ажлыг үзэж, уул уурхайн салбарын аюулгүй ажиллагааны соёл, ноцтой эрсдэлийн удирдлагын талаар мэдээлэл авлаа.
Энэ удаагийн туршлага судлах арга хэмжээнээс хамгийн чухал авч үлдсэн зүйл нь аюулгүй ажиллагаа бол зөвхөн ХАБЭА-н ажилтны хариуцах ажил биш, байгууллагын бүх түвшний удирдлага, ажилтан бүрийн өдөр тутмын хариуцлага гэдгийг бодитоор харуулсан явдал байв.
Туршлага судлах арга хэмжээний дараа аймаг, сумдын ХАБЭА-н зөвлөлийн гишүүд ноцтой эрсдэлийг тодорхойлох, ажил эхлэхийн өмнөх аюулын үнэлгээг хэвшүүлэх, аюултай ажлыг зогсоох эрхийг бодитоор хэрэгжүүлэх, осолд дөхсөн тохиолдлыг мэдээлж сайжруулах, удирдлагын оролцоог нэмэгдүүлэх, сургалтыг дадлагажуулах зэрэг чиглэлээр орон нутагтаа хэрэгжүүлэх боломжтой санал, санаачилгыг тодорхойлсон юм.
Цаашид аймгийн ХАБЭА-н зөвлөл энэхүү арга хэмжээнээс авсан санал, дүгнэлтийг нэгтгэн, сумдын ХАБЭА-н зөвлөл болон ажил олгогч байгууллагуудын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхээр боллоо.