Аймгийн төвийн дөрвөн эгнээ авто замын барилгын ажил ид үргэлжилж байна. Авто замын өргөтгөлтэй холбоотой тохижилтын ажлууд хийгдсээр байна. Өнөөдөр /2026.08.13/ аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Зуунмод сумын Засаг даргын орлогч Б.Баярмагнай болон холбогдох агентлаг, байгууллагын албан хаагчид Зуунмод сумын Номт багийн Хөгжил хотхоны оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хөгжил хотхоны уулзвар буюу Хаан банкны баруун хойд талын дөрвөн замын уулзварт ажиллалаа.
Энэхүү дөрвөн замын хойноос урагш, зүүнээс баруун тийш чиглэсэн замын уулзварын үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлаас шалтгаалж зам тээврийн осол гарах, улмаар иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол багагүй бүртгэгдэх болсон. Уг асуудалтай холбогдуулан төв замруу түрсэн иргэний хувийн эзэмшлийн хашааг нэн даруй хойш татаж, уулзвар замд гэрлэн дохио, толь тавих чиглэл өгөв.
Мөн дөрвөн замын бүтээн байгуулалтын ажил, түүнийг тойрсон тохижилтын ажилтай газар дээр нь танилцаж, зураг төсөл, стандартын дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа. Уг бүтээн байгуулалт нь Улаанбаатар-Зуунмод хот хоорондын зам 4 эгнээ болох ажлын эхлэл юм