loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР ЦЭЦЭРЛЭГИЙН Б БАЙРАНД ЦУУРАЛТ ҮҮССЭНТЭЙ ХОЛБООТОЙ ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ | HuduuMN

ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР ЦЭЦЭРЛЭГИЙН Б БАЙРАНД ЦУУРАЛТ ҮҮССЭНТЭЙ ХОЛБООТОЙ ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

2025-03-17

Зуунмод сумын Хүмүүн цогцолбор цэцэрлэгийн Б байрны барилга 2016 онд ашиглалтад орсон. Ашиглалтад орсон цагаас бага багаар суулт өгч, цонхны шил цуурч байсан ч тухай бүрт засвар үйлчилгээ хийсээр ирсэн бөгөөд 2024 онд Зуунмод сумаас 31 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээврийн засварыг хийсэн байна. 

2024 оноос барилгын суулт, цууралтын хэмжээ нэмэгдэж, хүүхэд хүлээн авах боломжгүй болжээ. Тус цэцэрлэгийн хувьд хүүхдүүдээ А байр болон ойролцоох цэцэрлэгүүдэд хуваарилан хичээллүүлж байгаа бөгөөд байраа бүрэн суллаад байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу хур борооны улмаас нэмэгдэж байгаа хөрсний усны асуудал өнгөрсөн оноос Зуунмод сумын хэмжээнд эрчимтэй яригдаж эхэлсэн. 

Зөвхөн Хүмүүн цэцэрлэгийн Б байр бус Номтын амнаас уруудаад Зуунмод сумын хойд хэсэг, Зуунмод голын ойролцоох бүсүүд хөрсний ус нэвчилтийн аюулд өртөөд байгаа юм. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг: 

- Зуунмод сум болон аймгийн Онцгой комиссыг яаралтай хуралдуулж анхан шатны шийдвэр, ажлын төлөвлөгөө боловсруулах

- Зуунмод сумыг бүхэлд нь мэргэжлийн байгууллагын оролцоотой хөрсний шинжилгээнд хамруулж хөрсний усны асуудал үүсч байгаа бүс, байр, хорооллуудыг илрүүлэн анхааралдаа авах

- Хөрсний шинжилгээн дээр үндэслэж усанд автсан байр байшинд хүчитгэл засвар болон дахин шинэчлэх төсөв, төлөвлөгөөг боловсруулахаар шийдвэрлэсэн юм.  

Хөрсний ус зайлуулах технологийг иж бүрэн, цогцоор нь нэвтрүүлэхгүй бол асуудал ар араасаа гарсаар байх болно гэдэг дээр ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн бол цаашид баригдах барилга байгууламжийн зураг төсөл, гүйцэтгэл стандартын дагуу хийгдэж байгаа эсэхэд байнгын хяналт тавих, газар хөдлөлтийн эрсдлийг тооцоолж, цаашид баригдах барилгуудын стандартад баллын тэсвэржилтийг нэмэгдүүлэхийг аймгийн Ерөнхий архитектур зөвлөлөө.