ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН Х.ТЭМҮҮЛЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн малчин Дамбийнямын Цэрэндоржийн ач хүү, үндэсний шигшээ багийн тамирчин Хадбаатарын Тэмүүлэн тив, дэлхийн чанартай тэмцээн, уралдаануудад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна.
Тэрээр 2025 онд Тайланд улсын Бичит хотод зохион байгуулагдсан Засмал замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараанд мөнгөн медаль, 2026 онд Саудын Арабын Вант Улсын Аль Кассим хотод зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн бахдам амжилтыг үзүүлээд байгаа билээ.
Шилдэг тамирчиндаа баяр хүргэж, алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож, тив, дэлхийд эх орон, төрж өссөн Төв сайхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн амжилтыг тэмдэглээд 800,000 төгрөгийн “Батламж”-ийг гардуулан өглөө.
Мөн аймгийн Биеийн тамир, спортын газраас 1,000,000 төгрөг, Монголын дугуйн холбооноос Олон Улсын хэмжээний мастер цол, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Олимпийн алдар” медаль, “Төв ургац” дугуйн клубын тэргүүн С.Энхбаяр, О.Ганзориг нарын зүгээс 2 өрөө байрны түлхүүр, “Saloni” ХХК-ийн захирал н.Тайвангийн зүгээс 2 өрөө байрны иж бүрэн тавилга, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч н.Гүрсоронзон хувиасаа 7 сая төгрөг, ахмадын зөвлөл, дасгалжуулагчид, тамирчдын төлөөлөл зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж, амжилтыг нь өнгөлсөн юм.
Залуу тамирчиндаа халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь улам их амжилт хүсье.
Тамирчныхаа амжилтыг бодитоор үнэлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх замаар нэгдэж чадсан “Монголын дугуйн холбоо”-ны хамт олон, “Төв ургац клуб”-ын хамт олон, ахмадын зөвлөл, "Saloni" ХХК-ийн хамт олонд Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
“Нэгдэж чадвал бид хаана ч түүчээлж чадна”
