Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Багшийн хөгжил хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” зорилтын хүрээнд аймгийн ЕБС-ийн багш нарын мэргэжил, ур чадварыг сайжруулах сургалт судлагдахуун бүрээр зохион байгуулагдаж байна.
Байгалийн ухааны багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалт сурагчдын амралтаар буюу энэ сарын 11, 12-ны өдрүүдэд болж байна. Сургалтад Архангай аймгийн ЕБС-ийн 115-н Биологи, Хими, Физикийн багш хамрагдаж байна.
Билогийн багш нарын сургалтыг "Орхон ХаСү" сургуулийн багш О.Мөнхжаргал, "Харумафүжи" сургуулийн багш А.Нармандах нар удирдан явуулж, орчин үеийн биологийн шинжлэх ухааны шинэ чиг хандлага, судалгааны арга зүй, сурагчдын нас сэтгэхгүйн онцлогт тохирсон заах арга зүйг эзэмшүүлнэ.
Химийн багш нарын сургалтыг "Хобби" сургуулийн багш И.Энхбаяр удирдан, Органик урвалын механизм сэдвийн ойлголтуудыг оюуны зураглалаар багцлах нь сэдэвт сургалтыг эзэмшүүлнэ.
Физикийн багш нарын сургалтыг доктор Г.Зоригт багш удирдан, Шинжлэх ухаан инновацын төвийн байгалийн ухааны танхимын физикийн туршилтын төхөөрөмжүүдийг танилцуулах дадлага, сургалт хосолсон үйл ажиллагааг явуулах юм.




