“ЖОЛ” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 66 жилийн ойг тохиолдуулан шинээр ашиглалтад орж буй чулуу бутлуур болон бетон зуурмагийн үйлдвэрийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Б.Көксеген захиралтай “ЖОЛ” ХХК нь 66 жилийн түүхэн хугацаанд барилга, зам, бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, аймаг орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн байгууллага юм.
Ойн хүрээнд ашиглалтад орж буй энэхүү шинэ үйлдвэр нь орон нутгийн барилга, замын бүтээн байгуулалтад шаардлагатай чулуу, дайрга, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулах, цаашлаад үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баделхан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек, Бугат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Өнержан, мөн байгууллагын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөл оролцож, “ЖОЛ” ХХК-ийн хамт олонд 66 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, шинэ үйлдвэрийн үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийнхаа түүхий эд, нөөц боломжид түшиглэн барилгын материал үйлдвэрлэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж нэмэгдэж байна.
“ЖОЛ” ХХК-ийн 66 жилийн түүх бол хөдөлмөр, бүтээн байгуулалт, туршлага, хөгжлийн түүх юм. Тус компанийн үе үеийн ажилтан, албан хаагчид болон өнөөдөр ажиллаж буй нийт хамт олондоо баярын мэнд хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт, үйлдвэрлэл хөгжил нь улам өргөжин тэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
















