Уулзалтаар Цагааннуур тосгоны Захирагч Б.Нурбект чөлөөт бүсийг баруун бүсийн худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, логистикийн стратегийн төв болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд тосгоны ерөнхий төлөвлөгөө, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хөгжлийг чөлөөт бүсийн бодлоготой уялдуулах шаардлагатайг онцлов.
Мөн чөлөөт бүсийн үйл ажиллагаа өргөжихтэй холбоотойгоор орон нутгийн ажиллах хүчний бэлтгэлийг сайжруулах асуудалд онцгой анхаарч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн барилгын туслах ажилтан, гагнуурчин, цахилгаанчин, логистик, агуулахын ажилтан, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн оператор зэрэг эрэлттэй мэргэжлээр иргэдийг богино болон дунд хугацааны сургалтад хамруулж, ажлын байранд зуучлах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Дотоодын цэргийн Захирагч, дэд хурандаа А.Кадирбектэй уулзаж, чөлөөт бүсийн аюулгүй байдал, харуул хамгаалалт болон шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг цахимжуулах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын үйл ажиллагааны хүрээнд чөлөөт бүсийн объектын хамгаалалт, шалган нэвтрүүлэх цэгийн хэвийн ажиллагаа, хүн, тээврийн хэрэгсэл, ачаа тээшийг шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж буй талаар танилцууллаа.
Цаашид чөлөөт бүсийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах, хүн, тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн хөдөлгөөнийг нэгдсэн системээр бүртгэж, хянах шаардлагатайг онцлов. Ингэснээр нэвтрэх зөвшөөрөл, бүртгэл мэдээллийг нэгтгэх, хөдөлгөөний хяналтыг сайжруулах, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох боломж бүрдэх юм.
Мөн чөлөөт бүсийн аюулгүй байдлыг хангах хүрээнд харуул хамгаалалтын зохион байгуулалтыг сайжруулах, инженер техникийн хэрэгслийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хамгаалалтын техник, тоног төхөөрөмж болон холбогдох байгууламжийг шинэчлэх, шаардлагатай засвар үйлчилгээг үе шаттай хэрэгжүүлэх асуудлаар талууд санал солилцлоо.
Цаашид Дотоодын цэрэг болон Цагааннуур чөлөөт бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлж, аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх ажиллагааг орчин үеийн техник, технологид тулгуурлан ажиллахаар боллоо
