loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Хүний нөөцийг чадавхжуулах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжинэ | HuduuMN

Хүний нөөцийг чадавхжуулах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжинэ

2025-02-07

    Үндэсний Техникийн Их Сургуулийн Оюутны хөгжлийн албаны дарга Б.Зоригоо, Бизнес, хүмүүнлэгийн сургуулийн захирал З.Өлзийхишиг нарыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол болон холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар хүлээн авч уулзан, тус сургуулийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцлоо.

    Үндэсний Техникийн Их Сургууль нь 1997 оноос хойш боловсролын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 21 бакалавр, 6 магистр, 2 докторын хөтөлбөрөөр сургалт зохион байгуулж байна. Тус сургууль 2025 оноос эхлэн төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах зорилготой "Мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлжээ.

    Энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төрийн албан хаагчид ажлын бус цагаар, орон нутагтаа суралцаж, төлбөрийн тэтгэлэг болон хөнгөлөлттэй нөхцөлөөр мэдлэгээ дээшлүүлэх боломж олгож байгаа талаар танилцуулав.

    Мөн тус сургууль төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн "Захиалгат тэтгэлэгт хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгааг мөн танилцууллаа. Уг хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн хэмжээнд ажиллаж байгаа албан хаагчид болон энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид зэрэг 75 суралцагчийг үнэ төлбөргүй суралцуулахаар төлөвлөж, 2 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх санал тавив. Мөн 30-аас дээш насныхан болон мэргэжилгүй боловч уг салбарт 3-аас дээш жил ажилласан хүмүүс тэр чиглэлээр мэргэжил эзэмших боломжтой байгаа нь уг хөтөлбөрийн нэг онцлог юм.

    Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол уг хөтөлбөрийг сайшааж, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад чухал ач холбогдолтой санаачилга болж байгааг онцлон аймгийн ЗДТГ-аас  хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.