АРДЧИЛСАН, ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН 34 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ТУСГААР ТОГТНОЛЫН БАГАНАТ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ
1990 онд Монгол оронд өрнөсөн цагаан морин жилийн өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн Ардчилсан, шинэ үндсэн хуулиа баталсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт насанд хүрсэн нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II чуулганаар 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс дөрөв дэх Үндсэн хуулиа баталсан юм.
Уг хуулийг батлалцахад Баянхонгор аймгаас 21 төлөөлөгч оролцож байсны долоо нь та бидний дунд амьд сэрүүн ажиллаж, хөдөлмөрлөж байна.
Ардчилсан, шинэ үндсэн хуулийн 34 жилийн ойд зориулан Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат нарын аймгийн удирдлага, төрийн албан хаагчид, ЕБС-ийн сурагчид Тусгаар тогтнолын баганат хөшөөндөө цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй, бөгөөд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шиний 9-ний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөж эхэлсэн юм. Улмаар 2000, 2019, 2022, 2023 онуудад улс төр, нийгэм, эдийн засаг, цаг үеийн хэрэгцээ, шаардлагаар Үндсэн хууульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.
Монгол хүн бүр даган мөрдөх, захирагдан амьдрах, хүндлэн дээдлэх үндсэн хууль мөнх оршиж, Монгол Улс үүрд мандан бадрах болтугай!