БАЯНХОНГОР АЙМАГ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” -ийг бэлтгэх, төлөвшүүлэх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Монгол улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгох шийдвэрийн дагуу Баянхонгор аймаг 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын салбарын чанар, хүртээмж, үр нөлөөг бодитоор ахиулах зорилготой үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлж байна.
Боловсролыг дэмжих жилийн нээлт 2026.01.12-нд Баянхонгор аймагт болж УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат, Боловсролыг дэмжих жилийн ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дарга буюу Засаг даргын орлогч Б.Наранбаяр нарын аймгийн удирдлагууд Монгол Улсын Гавьяат багш Ш.Чимгээ, Гавьяат багш Н.Цэвэлмаар болон Монгол Улсын зөвлөх багш нар, Боловсролын салбарын хамт олон өргөн дэлгэр оролцлоо.
Баянхонгор аймаг “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд:
“Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулж, тэгш хамруулах, орчин үеийн дижитал шийдэлд суурилсан сургалтын орчныг бүрдүүлэн, хүний нөөцийн чадавх, олон нийтийн оролцоог бэхжүүлснээр суралцагчдын сурлагын амжилт, хөгжлийг дэмжинэ.” зорилгын дор
• суралцагчдын сурлагын амжилтыг нэмэгдүүлэх,
• багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих,
• сургууль, цэцэрлэгийн орчин, дэд бүтцийг сайжруулах,
• иргэд, олон нийтийн оролцоо, түншлэлийг өргөжүүлэх,
• цахим сургалт, дижитал ур чадварыг бодитоор хөгжүүлэх
гэсэн 5 зорилтыг дэвшүүлээд буйгаа аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ онцолж, арга хэмжээг албан ёсоор нээлээ.
Боловсролыг дэмжих жилээ эхлүүлж “Чанартай боловсролын төлөө хамтдаа” хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан, сургалтын байгууллагууд ажил, арга хэмжээ бүрийг тусган оруулан, хамтын оролцоог ханган, бодит өөрчлөлтөд хүргэхийг зорьж байгаа юмаа.
“Хүүхэд бүрт боломж, багш бүрт хөгжил, сургууль бүрт чанар бий болгох зорилготой Боловсролыг дэмжих жилээ Баянхонгор аймаг ийн эхлүүллээ.
Ташрамд сонирхуулахад, аймгийн хэмжээнд 2020 оноос 150 хүүхдийн цэцэрлэг - 3, Ерөнхий боловсролын 640 хүүхдийн сургууль - 1, 960 хүүхдийн сургууль – 1 тус бүрийг шинээр ашиглалтад оруулсан бөгөөд 2026 онд ашиглалтад оруулахаар 8 төсөл арга, хэмжээ гүйцэтгэлийн шатандаа явж байна.