НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨРӨХ ТАСГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ 57 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн их засварын ажлын явцтай Засаг дарга Э.Энхбат өнөөдөр /2026.01.12/ танилцлаа.
“М-Си-Эс” ХХК нийгмийн хариуцлагын гэрээний хүрээндээ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийг иж бүрэн шинэчлэхээр болсон билээ. Улмаар их засварын ажлыг өнгөрөгч оны 11 сарын сүүлээр сонгон шалгаруулалтын хүрээнд “Номин ундрах өргөө” ХХК эхлүүлжээ.
Нийт 3 давхар обьектийн 1774.08 мк талбайд иж бүрэн засвар орохдоо цонх, хаалга, гадна дотор фасад, сангийн шугам, цахилгааны шугам, агаар сэлгэлт, дээвэр, холбоо дохиолол, сувилагчийн дуудлага, хий хангамж, камержуулалтын ажлууд тус тус хийгдэх юм.
Нэгдсэн эмнэлгээс тус засварын үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа аж. 2026 оны 06 сард ашиглалтад хүлээлгэж өгөх нөхцөлтэй хэдий ч хугацаанаас нь өмнө буюу ирэх 04 сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж компанийн төлөөлөл мэдээллээ.
Хонгор нутгийн ээжүүдийн амаржих орчин, шинэ хүнээ өлгийдөн авах нөхцлийг олон улсын стандарт жишигт нийцүүлнэ гэсэн аймаг орон нутгийн бодлого ийн хэрэгжиж байна.