Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Баянхонгор аймагт өнөөдөр /2026.07.27/ ажиллалаа.
Шадар сайд Баянхонгор аймгийн Онцгой комиссын дарга гишүүд, төрийн байгууллагын удидлагуудтай уулзаж, Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.
Баянхонгор аймаг зун зуншлага нутаг дэвсгэрийн хэмжээнд алаг цоог байгаатай холбогдуулан ХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл хангахаар тодорхой төлөвлөлтийг гарган, бэлтгэл ажлуудаа хангаж байна. Хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд дулаан үйлдвэрлэлийн технологи ажиллагааг сайжруулах /утааг саармагжуулах/, шугам сүлжээний хоёрдугаар хэлхээний өргөтгөлийн ажлуудыг ирэх 09 сард багтаан дуусгахаар ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил төв суурин газрынх 70 хувь, хөдөө аж ахуйн салбарынх 60 гаруй хувьтай Баянхонгор аймагт үргэлжилж байгаа юм.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт тавигдаж буй Баянхонгор – Шаргалжуут чиглэлийн автозам, Баянхонгор – Архангай аймгийн Чулуут сум хүртэлх автозам, Баянхонгор – Шинэжинст чиглэлд тавигдаж буй автозамын ажлын явцыг Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Э.Энхбат танилцуулаад дулааны станцын ажлыг шуурхайлах, Баянхонгор сумын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Мал эмнэлэг, Зоонозын барилгын асуудалд анхаарч өгөхийг Шадар сайдаас хүслээ.
Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, “Байдрагийн голын усан цахилгаан станц эдийн засгийн ач холбогдол өндөртэй, Засгийн газраас дэмжиж буй томоохон төсөл. Төслийг эхлүүлэх явц ямар байгааг салбар яамнаас тодруулна. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг бодлогын хувьд дэмжиж, ирэх 09 сард Баянхонгор аймагт дахин ажиллахдаа газар дээр нь очиж танилцана” гэлээ.
Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд Улсаас татаас авдаг бус, орон нутаг өөрөө орлогоо олдог, төвлөрүүлдэг байхад бодлогоо чиглүүлж буй юм. Шадар сайд хийсэн мэдээллийнхээ хүрээнд эдийн засгийн тусгай бүс, бие даасан аймаг болох төлөвлөлт, мастер төлөвлөгөөгөө ирэх сард танилцуулах үүргийг орон нутагт өглөө.
Уулзалтын төгсгөлд тэрбээр аймаг орон нутагт тулгамдсан асуудлуудын талаарх албан бичгийг үндэслэн холбогдох салбар яамдад үүрэг чиглэл өгч, шийдвэрлэлтийн явцыг эргэн мэдээлнэ гэв.