“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ
Цахим технологийн хурдацтай хөгжлийг дагаад хүүхэд, өсвөр үеийнхэн цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл зүйн дарамтад өртөх эрсдэл жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улсын нийт хүн амын 80 гаруй хувь нь интернэт хэрэглэж, хүүхэд багачууд өдөрт дунджаар 3–5 цагийг цахим орчинд өнгөрүүлж буй энэ үед тэдний аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болоод байна.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” үндэсний аяныг улс орон даяар эхлүүлж байна.
Аяны гол зорилтууд:
Хүүхдийн хөгжил – зөв төлөвшил, хүмүүжил, эерэг хандлагыг дэмжих
Эцэг эхийн хариуцлага – хүүхдийн цахим хэрэглээнд тавих хяналт, оролцоог нэмэгдүүлэх
Урьдчилан сэргийлэлт – цахим болон бодит орчин дахь эрсдэлээс хамгаалах
Эерэг соёл – үе тэнгийн дээрэлхэлтгүй, хүндэтгэлтэй харилцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэх
Аяны хүрээнд “И-Монгол академи” УТҮГ нь:
Хүүхэд хамгааллын E-Kids цэсэд шаардлагатай хөгжүүлэлтүүдийг хийж, хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар сайжруулан, олон нийтэд таниулах
Ахлах ангийн сурагчид, эцэг эх, багш нарт зориулсан сургалт, мэдээлэл, зөвлөмжийг зохион байгуулах
E-Mongolia платформоор дамжуулан зөвлөмж, анхааруулга, мэдлэг түгээх
Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, зөв хэрэглээний дадлыг төлөвшүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ
Хүүхэд бүр аюулгүй, эерэг орчинд өсөх эрхтэй.
Та бидний хамтын оролцоо “эвдрээгүй ирээдүй”-г бүтээнэ.
#ЭвдрээгүйИрээдүй #ХүүхдийнХамгаалал #ЦахимАюулгүйБайдал #дээрэлхэлтгүйнийгэм
эх сурвалж E-Mongolia