loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хошой аварга малчин О.Баттөмөрийнх татвар, үйлдвэрлэлээрээ манлайллаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Булган аймагт ажиллах үеэрээ Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн Халзангийн араар хаваржаалаад буй

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хошой аварга малчин О.Баттөмөрийнх татвар, үйлдвэрлэлээрээ манлайллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Булган аймагт ажиллах үеэрээ Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн Халзангийн араар хаваржаалаад буй Отгондаваагийн Баттөмөрийнд зочлон, “Улсын хошой аварга малчин” шагналыг нь хүндэтгэн гардууллаа.

“Улсын аварга малчин” шалгаруулах журамд энэ жил өөрчлөлт оруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, улсад төлсөн татвар, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогыг голлох шалгуур үзүүлэлт болгосныг онцлов. Түүнчлэн дагалдах шагналыг улаан халзтай гэр, сэргээгдэх эрчим хүчний багц, цэвэр үүлдрийн үржлийн бух, малын тавлаг байдлыг хангасан угсардаг битүү хашаа, бохирын септик систем зэрэг таван төрлөөс сонгон авах боломж бүрдүүлжээ.

О.Баттөмөрийнх эдгээр үзүүлэлтэд бүрэн нийцэж, шагналдаа малын угсардаг битүү хашааг сонгосон 18 айлын нэг болж, бусдыгаа манлайлан ажиллаж байгаа юм.

Тус өрх мал сүргээ дөрвөн төрөл дээр нь өсгөн үржүүлж, сүүлийн таван жил төлийн хорогдолгүй ажилласан төдийгүй нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч иржээ. Тухайлбал, 2004 оноос эхлэн адуун сүргээ Галшар үүлдрээр, үхэр сүргээ нутгийн болон Сэлэнгэ үүлдрээр сайжруулсан байна.

Мөн малын тоо толгойн албан татвар, малын индексжүүлсэн даатгал, нийгмийн даатгал зэрэг татвар, хураамжийг тогтмол хугацаанд нь хариуцлагатай төлдөг бөгөөд сумынхаа хэмжээнд тэргүүний татвар төлөгчөөр хоёр удаа шалгарч байсныг онцоллоо.

О.Баттөмөр 29 жил тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин З.Очирын туршлагаас суралцан, мал маллагааны өвөрмөц арга барилыг өвлөн хэрэгжүүлж иржээ. Өдгөө өөрөө шавь бэлтгэн, мал маллах арга ухаанаасаа заан зөвлөж, багийнхаа малчдад үлгэр дуурайл болж, алслагдсан бүс нутагт бэлчээрээ хамгаалан нутаглаж байна.

Гэргий Л.Мөнхчимэг нь сүү, цагаан идээ боловсруулах чиглэлээр нутагтаа үлгэр жишээч нэгэн бөгөөд жил бүр 110–222 гүү сааж, 7–14 тонн айраг үйлдвэрлэн өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна зах зээлд нийлүүлдэг аж.

Отгондаваагийн Баттөмөр нь 2019 онд “Улсын аварга малчин” цол хүртэж байсан бөгөөд түүний аав С.О.Отгондаваа, хүргэн ах Н.Мөнхбат нар мөн Улсын аварга малчид юм.

Төсөөтэй мэдээ

Сошиал хуудас дагах