loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ БУЯНДЭЛГЭРИЙН БАДРАХ /1933-2024/

2024-12-03

Монгол улсын Гавьяат багш, нэрт сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын шилдэг менежер, удирдах ажилтан Буяндэлгэр овогтой Бадрах 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр таалал төгсөж, боловсролын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Б.Бадрах нь 1933 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг "Гурван хайлантай" хэмээх газар төрж, 1942-1949 онд Хантай сумын 7 жилийн сургууль, 1949-1951 онд Булган аймгийн анхны 10 жилийн сургууль төвийн Нэгдүгээр сургуулийн 8, 9 дүгээр ангийн сурагч, 1951-1952 онд МУИС-ийн бэлтгэл анги, 1952-1956 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетын Физик- Математикийн ангийг тус тус суралцаж төгсжээ.

Тэрээр 1956-1958 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд физик- математикийн багш, 1958-1960 онд нутагтаа ирж төрлөх сургууль болох Нэгдүгээр сургуульдаа багшилж, 1960-1982 онуудад хичээлийн эрхлэгч, 1982-1985 онд сургуулийн Захирал, 1985-1990 онд багшаар тус тус ажиллаж байгаад 1991 онд гавьяаныхаа амралтад гарсан. Улмаар тэтгэвэрт гарсны дараа ШУА-ийн харьяа Булган аймаг дахь Газар хөдлөлийг судлах станцын эрхлэгчээр 10 жил ажиллаж усад нийтдээ 45 жил хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллажээ.

Талийгаачийн хөдөлмөр зүтгэл, бүтээлч, тууштай байдлыг Төр засгаас өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90, 100 жилийн ойн медаль, 1965 онд Ардын гэгээрлийн "Тэргүүний ажилтан" цол тэмдэг, 1981 онд төрийн дээд шагнал "Алтан гадас" одон, 2013 онд төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", 2021 онд "Монгол улсын Гавьяат багш" цол тэмдгээр тус тус шагнажээ.

Талийгаачийн боловсролын салбарт оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, шинийг санаачлаг, тууштай уйгагүй хөдөлмөрч зан чанарыг эгнэгт дурсах болно. Таны уйл хэргийг мянга, мянган шавь нар, хойч үе тань нэр төртэйгөөр үргэлжлүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Хамт олныхоо дунд ямагт нэр хүндтэй, тусархаг, шударга, хөдөлмөрч, идэвх санаачилгатай, үлгэрлэн манлайлаг, хүнлэг, энэрэнгүй, эгэл даруухан, дур төрх тань биднийхээ сэтгэл, зүрхэнд үүрд мөнх дурсагдан үлдэх болно. Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, түмэн олон шавь нарт нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.