XVII дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн зургааны билэгт сайн өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Засаг дарга Б.Азжаргал болон албаны төлөөлөл Дарханчуудынхаа сайн сайхныг даатган хангай дэлхий, зон олон, хамаг бүгдээрээ амар амгалан байхыг бэлгэдэн Хараагийн Дарь-Эх ламын, Гэцогдаржайлин хийдэд Мандал өргөлөө.
Мандал өргөх ёс бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйлд цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой аж. Зон олон минь эрүүл энх, амар амгалан байх болтугай.