Дархан-Уул аймагт 2026 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр болон шилжих арга хэмжээтэй нийт 410 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Үүнээс 120 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилттэй 118 ажил шинээр хэрэгжинэ.
Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан 57 аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй аймаг орон нутгийн удирдлагууд уулзаж хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд бараа, материалын үнийн зөрүүг зохицуулах, авто замын ажлын гүйцэтгэлд саад учруулж буй далан, карьерын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.
Орон нутгийн зүгээс дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, гүйцэтгэгч байгууллагуудыг холбогдох стандарт, норм, дүрэм, аюулгүй ажиллагааны шаардлагыг ханган ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг хүслээ.