"Дархан Минж" ХХК нь "Цагаан алт" хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлээр Дархан хотод "Mon Gelat" буюу желатины үйлдвэрээ нээж, Монголын арьс ширний үйлдвэрийн салбарт шинэ түүхийг бичлээ.
Тус үйлдвэр нь малын гаралтай түүхий эдийн хатуу хаягдал, арьс ширийг өндөр технологиор боловсруулж, хүнсний болон үйлдвэрлэлийн жилатин, органик усанд уусдаг бордоог үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх юм.
Жилд 300 мянган ширхэг үхрийн арьс дахин боловсруулах хүчин чадалтай, 5 орны тоног төхөөрөмжтэй, орчин үеийн технологи бүхий энэхүү үйлдвэр нь технологийн хаягдал усныхаа 70 хувийг дахин ашиглах иж бүрэн системтэй гэдгээрээ онцлог.
Үйлдвэр нээгдсэнээр Монгол Улсын хэмжээнд анх удаа малын гаралтай түүхий эдээр экспортын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох, арьс ширний хаягдлыг дахин ашиглаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой бөгөөд орон нутагт байнгын болон байнгын бус 50-80 ажлын байр шинээр нэмэгдэж байна.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, төвийн бүсээс сонгогдсон УИХ-н гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.