Дархан-Уул аймгийн Дархан сумын “Дархан халдун” ХХК-ийн харьяа “Гурван сайхан” фермийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Билгийн тооллын XYII жарны Модон могой жилийн “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” -ээр шалгарууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Соёл урлаг аялал жуулчлал залуучуудын сайд Ч.Ундрам болон аймгийн удирдлагууд шагналыг хүндэтгэн гардууллаа.
Сүүний үхрийн фермийн үүсгэн байгуулагч, захирал Чонос овогт Балдангийн Батмөнх нь фермээ 2021 онд үүсгэн байгуулж мах-сүүний хосолмол ашиг шимт Симменталь үүлдрийн үхрийг сонгож үржүүлэн Дархан хотын иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж, 10 иргэнийг байнгын, жилд 20-30 иргэнийг түр ажлын байраар хангаж байна.
Тус ферм нь 2023 он 60, 2024 он 288, 2025 он 291 толгой үхэр тоолуулж өсвөр үхрийн кластер фермийг хослуулан хөгжүүлэх зорилт тавьж, цаашид өсвөр үхэр болон мах бэлтгэлийн ферм болгон хөгжүүлэх үндсэн зорилготой.
Нэг үнээнээс 2023 онд 10-16 литр сүү сааж 18 тонн, 2024 онд ашиг шимийг нь нэмэгдүүлэн саалийн дундаж хэмжээг 17 литр болгон өсгөж 150 тонн, 2025 онд 236 тонн сүүг тус тус үйлдвэрт нийлүүлсэн.
Компанийнхаа 880,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар фермийнхээ үхрийн 250м2 талбай бүхий өвлийн байрыг өргөтгөн 1875м2 талбайтай болгож, дулаан хангамжийг нарны эрчим хүчний эх үүсвэрээр шийдэж, өвлийн цаг уурын нөхцөлд тааруулан байран маллагаанд нийцүүлсэн.
Мөн фермийнхээ тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг 45,0 сая төгрөгөөр хийж, сүүлийн жилүүдэд 40-60 га талбайд Эрдэнэшиш, 50-80 га талбайд ногоон тэжээл тариалж өөрийн малын тэжээлийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ба бусад иргэн, аж ахуйн нэгжид нийлүүлж байна.
Малын ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд үржил селекцийн ажилд голлон анхаарч 2025 онд үр хөврөл угааж шилжүүлэн суулгах ажлыг амжилттай гүйцэтгэснээс гадна фермерийн үрийн санг үүсгэж, нийт 30,0 сая төгрөгийн өртөг бүхий 200 тун үр захиалан авч үрийн санг бүрдүүлж ажилласан ба фермийн ажилчдыг сургах, туршлага судлуулж дадлагажуулахад тогтмол анхаарч, гадаад дотоодын сайн туршлагыг нутагшуулахад идэвх санаачилгатай ажилладаг.
"Гурван сайхан” ферм нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн фермийн 3 малчинд нийт 83 толгой сайн үүлдрийн мал өгч малжуулсан бөгөөд жил бүр Дархан сумын Энэрэл цогцолбор сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд гарын бэлэг, өөрийн багийн 108 иргэнд уламжлалт цагаан сарын баяраар тавгийн идээ, ааруул, шинэ жил баярыг тохиолдуулан хүнсний бүтээгдэхүүн бэлэглэдэг уламжлалтай ба эрчимжсэн аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 52 тонн даршийг тус тус хандивласан байна.