Хачгаар дамжин хүнд халдварладаг өвчний үе өдийд идэвхждэг. Дэлхий дээр 3000 гаруй хачиг байдгаас Монголд 18 төрлийн 43 зүйлийн хачиг тархаж үүнээс хоёр төрлийн хачиг (Ixodes, Dermacentor) нь хүнд өвчин үүсгэдэг байна.
Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг.
Аймгийн Эрүүл мэндийн газраас цаг үетэй холбогдуулан зөвлөмж хүргэж байна.
- Хачигт энцефалитын голомтот бүс нутагт зорчихоос өмнө хачигт энцефалитын эсрэг вакцины бүрэн тунг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд очиж хийлгэх
- Ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулахаас болгоомжилж битүү тод өнгийн хувцас өмсөж, 2-3 цаг тутамд биедээ болон хувцсандаа хачиг ассан эсэхийг шалгаж байх
- Хачигт хазуулсан тохиолдолд хямсаа болон утас ашиглан хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж сугалан авч, хачгийг битүү саванд хийж, ЗӨСҮТ-д өгч шинжлүүлэх
- Хачигт хазуулсан тохиолдолд эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах
- Хачигт хазуулсаны дараа өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, үе мөч, ууц нуруу өвдөх, бөөлжих, гүйлгэх, тууралт гарах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу.