
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бодит үр дүнтэй хэрэгжиж, орон нутгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж байна. Чехийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн (ODA) хүрээнд 2003–2017 онд Дорноговь аймагт нийт 80 сая чех крон (ойролцоогоор 3.3 тэрбум төгрөгийн) санхүүжилт бүхий 8 гаруй төсөл хэрэгжжээ.
Эдгээр төслүүдийг Чехийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (ZRS ČR) санаачлан, Прагийн Хөдөө аж ахуйн их сургууль (CZU), Менделийн их сургууль (Mendelova univerzita), Geomin, Dekonta зэрэг Чехийн их, дээд сургууль болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн байна.
Хамтын ажиллагааны чиглэлүүд
Хэрэгжсэн төслүүд нь:
• Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл,
• Усны нөөцийн менежмент ба усан хангамж,
• Эрүүл мэнд, орон нутгийн дэд бүтэц,
• Геологи, байгаль орчны хамгаалал
гэсэн гол чиглэлүүдийг хамарсан байна.
Тухайлбал, Сайншанд хотод “Жимсний аж ахуйг хөгжүүлэх (Агропарк)” төсөл хэрэгжиж, хатаасан жимс, ногоо боловсруулах жижиг үйлдвэр, хүйтэн зоорь, сав баглаа боодлын тоног төхөөрөмж, лабораторийн хэрэгсэл нийлүүлжээ.
Мөн ус хангамж, гүний худаг байгуулах, эрүүл мэндийн төв шинэчлэх, геологийн хайгуул, хөрсний нөхөн сэргээлт зэрэг салбаруудад томоохон ажлууд хийгдсэн байна.
Төслүүдийн үр дүн
Эдгээр төслүүдийн үр дүнд:
• Дорноговь аймаг Чехийн буцалтгүй тусламжаар хамгийн олон төсөл хэрэгжүүлсэн бүс нутгийн нэг болж,
• Хөдөө аж ахуй, усны менежмент, эрүүл мэндийн үйлчилгээний чадавх мэдэгдэхүйц сайжирсан бөгөөд,
• Орон нутгийн мэргэжилтнүүдийн сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа тогтмолжсон байна.
Мөн Чехийн талын оролцоотой хэрэгжсэн эдгээр төслүүд нь тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, усны нөөцийн оновчтой ашиглалт, хүнсний аюулгүй байдал зэрэг Монгол Улсын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй уялдсан гэдгээрээ онцлог юм.