Хүүхдийн эрхийг бүх түвшинд онцгойлон анхаарч олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах чиглэлийн дагуу 9 дэх удаагийн сагсан бөмбөгийн хүүхдийн лигийг 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Сагсан бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчилж, тамирчдын залгамж халааг бэлдэх, өсвөрийн тамирчдын ур чадвар, амжилтыг ахиулах зорилготой “Ирээдүй” хүүхдийн лигийн тэмцээнд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 5-н сургууль, Политехникийн коллежийн 21 багийн 280 гаруй тамирчин оролцож байна.
Аймаг орон нутагт зохион байгуулж байгаа хүүхдийн лигийн тэмцээнээр дамжуулан төр, хувийн хэвшлийн хамтын оролцоо нэмэгдэж, хүүхдийн хөгжил, авьяас чадварт эергээр нөлөөлж, багаар ажиллах, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөх тамирчид олноор төрөн гарах боломж нээгдэх юм.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож орон нутгаас шигшээ багийн залгамж халааг бэлдэх, спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллахаа илэрхийллээ.
“Ирээдүй” хүүхдийн лигийн тэмцээнд оролцож байгаа баг, тамирчдад болон хамтран зохион байгуулагч аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, Дэлгэр Говийн Хүн Сан, Scorpions төрийн бус байгууллагын хамт олонд спортын өндөр амжилтыг хүсье.