
“Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын гавьяат жүжигчин, “Ягаан Гажид” хэмээн олноо алдаршсан Ц.Цэнд-Аюушийн нэрэмжит “Бага тайз - 2025” улсын нээлттэй хоёрдугаар их наадам энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулж байна.
Наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Төв халхын дуулалт жүжгийн театрын дуучин, Соёлын тэргүүний ажилтан А.Уранчимэг, Авирмид сангийн төлөөлөл, гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш агсны гэр бүл, үр хүүхдүүд оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнд Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдээс нийт 700 гаруй хүүхэд оролцож, долоон насны ангилалд, 15 төрлөөр уран бүтээлээ толилуулан, өрсөлдөж байна.
Тэмцээний шүүгчээр Кино урлагийн дээд сургуулийн багш, дэд профессор, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар, зохиолч, Сэр-Одын нэрэмжит шагналт П.Наранбаатар, Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч О.Цэрэнжаргал, Дэлхийн Муза сангийн удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, ятгачин Р.Оюун-Эрдэнэ, мөн Авирмид сангийн төлөөлөл А.Энхцэцэг нар ажиллаж байгаа юм.