
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА
Энэ сарын 4-нд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр нар зарим бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Камерын нэгдсэн удирдлагын төвийн байрны их засварын ажилтай танилцлаа. Их засварын ажлыг аймгийн Орон нутгийн хөрөнгө оруулалт 822,979,261 төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд засварын ажил 60 хувьтай байна. Тус төвийг ашиглалтад оруулснаар төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн камерыг нэгдсэн системтэй болгох, хуулийн дагуу нээлттэй ашиглах, гэмт хэрэг зөрчлийн гаралт багасах, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломж нөхцөл бүрдэх юм.
Багш нарын байр буюу Сайнцагаан сумын 6, 7, 8-р байрны фасадын засварын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 549,552,989 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүлд оюу хайрхан ХХК гүйцэтгэж байна.
Шүүхийн замыг төв замтай холбох 420 метр автозамыг шинээр барих ажлыг Орон нутгийн хөрөнгө оруулалтын 850,331,484 төгрөгөөр гүйцэтгэж байна. Тус ажлыг Ерлөгийн зам ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна.