“ИХ ГАЗРЫН ЧУЛУУ-100” АЛХАЛТАД ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНӨӨР ХИЧЭЭЛЛЭГЧ ХҮН БҮР ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ
Их газрын чулууны БЦГХЗахиргаа
Дундговь аймагт есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулах “Их газрын чулуу – 100 км” уртын алхалтад бэлтгэхэд дараах зүйлийг анхаарна уу.
Их газрын чулуу нь Дундговь аймгийн байгалийн өвөрмөц тогтоцтой хадан цохио, элс, хайрга хосолсон говийн халуун, өглөө, оройдоо сэрүүн, зарим үед салхитай цаг агаартай тул бие махбод болон сэтгэл зүйн өндөр бэлтгэл маш чухал юм.
Алхалтын бэлтгэлийг өдөр тутам бага багаар нэмэх зарчмаар хийнэ.
- Долоо хоногт 4-5 удаа тус бүр 5-8км хурдан хэмнэлээр алхах эсвэл гүйж биеэ бэлдэнэ. Үүнээс нэг өдрийг ялангуяа амралтын өдрийг "Урт алхалт"-ын өдөр болгоорой. Энэ нь багадаа 10-15км байна.
- Өглөө бүр аймгийн Соёл амралтын хүрээлэнд Дундговь аймгийн Явган алхалтын холбооны гишүүд болон тогтмол алхагчид алхаж байна. Та нэгдээрэй.
Алхалтад шаардлагатай хувийн бэлтгэл ба анхаарах зүйлс:
- Гутал: Уртын алхалтад алхахад хөлийн ул цэврүүтэх, хөшиж өвдөх эрсдэлтэй байдаг тул заавал хөнгөн, зөөлөн ултай, өөртөө таарсан алхалтын гутал сонгоорой.
- Зузаан, спорт зориулалтын оймс (хөвөн даавуун биш, чийг татдаггүй) өмсөх хэрэгтэй.
- Хувцаслалт: Их газрын чулуу нь говийн бүс тул өдөр нь халуун, өглөө, орой болон шөнөдөө сэрүүн байдаг. Нарны малгай, нүдний шил, салхины хамгаалалттай хөнгөн куртка, давхарлаж өмсөх цамц, куртка, алхалтын таяг, нарны тос заавал бэлдээрэй
- Ус ба Эрдэс: Алхалтын үед маш их хөлс гарах тул зөвхөн цэвэр ус уух нь хангалтгүй. Усандаа найруулдаг эрдэс (электролит) эсвэл регидрон бэлдэж уух нь шөрмөс татахаас сэргийлнэ.
- Эрчим хүчний хоол хүнс: Жижиг хэмжээтэй атлаа өндөр илчлэг өгөх самар, үзэм, хатаасан жимс, шоколад, энергийн ундаа зэргийг алхангаа идэхээр үүргэвчиндээ бэлдээрэй.
- Өөрийн хэрэглэдэг болон зайлшгүй гаардлагаар хэрэглэж болох эм, эмнэлгийн хэрэгслийг бэлдэж авч явах нь эрсдлээс сэргийлнэ.